ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УЯНГА СУМЫН ТАНИЛЦУУЛГА
Сум байгуулагдсан түүхэн тойм анхдагчдын тухай товч танилцуулга
Манжийн түрэмгийлэгчид халх Монголыг жижиглэн бутаргаж цэрэг феодлын зохион байгуулалт бий болгосон 1725 оноос Сайн ноён хан аймаг байгуулагдаж үүнд Өвөрхангай аймгийн Богд,Гүн нарийн,Баруунбаян-Улаан,Нарийн тээл, Хайрхандулаан,Бат-Өлзий сумдын нутгийг хамарсан Сайн ноёны хошуу байсан ба хошууны төв нь УЯНГА сум байжээ. Уянга сумыхан 1920 он хүртэл хамжлага ард, шавь ардад хуваагдан Засаг ноёдууд захирч байв. Тэгэхдээ хүн хүч мал хөрөнгө сайтай нь “Их хамжлага”,ядуувтар нь “Бага хамжлага” хэмээн нэрлэгдэж байсан ба аль аль нь эзэн ноёны өмнө тодорхой үүрэгтэй байсан байна. Хамжлага ардууд феодлын малыг үнэ хөлсгүй маллах,сааль сүүг саах,малыг ноослох ,эсгий хийх зэргээр хөдөлмөрлөн шавь ардууд нь хүрээ хийдийн хурал номын зардал ,хоол хүнсийг гаргах зэргээр зарагдаж байжээ.Уянга сумынхан хошуу сумдын дотроос хамгийн ядуу амьдралын зовлонг ихээр амссан сум байсан гэж үздэг. Тус сумын нутаг Таацын гол,Жаргалантын төвийн ойролцоо Хятадын байнгын пүүс,Шивээ овооны орос булаг хэмээх газруудад Хаант оросын пүүсүүд байрлаж ард олноос малын болон ангийн арьс шир, ноос үс авч оронд нь цай,даалимба,торго дурдан өгч байсан байна.1655 онд одоогийн Уянга сумын төвд хүрээ хийдийн төвлөрөл үүсч хүмүүс олноор сууршин амьдрах болсноор УЯНГА сум үүсэн байгуулагдсан гэж үздэг.
1924 онд улсын хүн,малын тоологыг зохион байгуулж явуулсны үндсэн дээр хошуу доторх олон багийг цэгцэлж хошууны нэрийг “ХАН ХӨГШИН УУЛЫН ХОШУУ” болгон өөрчилж хошуу тамгын газрыг Онгийн хүрээний тус газар байгуулжээ.Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 15-р тогтоолоор Бат-Өлзий,Хайрхан дулаан,Нарийн тээл сумын зарим баг,Бат-Өндөр сумдыг нэгтгэн УЯНГА сумыг байгуулжээ.Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарилгаар 1962 оны 1 сард Жаргалант сум нэгдлийг Уянга суманд нэгтгэсэн байна.1931-1992 он хүртэл сумын нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудлыг сумын Ардын Депутатуудын Хурлын чуулган, сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаа хариуцан шийдвэрлэж иржээ.